Thursday, March 29, 2018

Тэр л багшийн тэмцлийн үнэн чөдөр, үндсэн чөтгөр

Тэр л багшийн тэмцлийн үнэн чөдөр, үндсэн чөтгөр

Багш гэдэг хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч гэсэн утгатай пагши гэсэн дуудлагатай араб үг юм.

Дуудах бүрт нь хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч хэмээх долгион өөрт нь шингэж, өрөөлд
түгээгдэх энэ сайхан алдрыг тээгч, эгэл эрхэм энэ үйлсийн эзэд болж яваа багш ямар ч үед ёс зүйгээрээ ядуурч үл болно. Мөнгөөр ядуурсан үед ч ёс зүйгээр л ядуурч үл болно.

Энэ ёс зүй гэдэг нь багш мэргэжилтэй хүн "хийж, бас үл хийж болох"-ын зах хязгаарыг заагч "улаан шугам" юм.

Багшийн үйл, үг энэ улаан шугамаас хэтрээд эхлэхээр багшийн тухай бүх ойлголт утга учиргүй болно. Ойлголцох боломжгүй болно.

Өнөө цагийн ихэнхи багш энэ талаар өдөр бүр эргэцүүлж үйлээ, үгээ шинжээч. Үндсэн хуулиа уншаач.

Боловсролын эд, эс бүхэнд шингэсэн алагчлалыг дагасан арчаагүй үйлүүдийг ёс зүйн эх зарчмаараа нэг шинжээч, багш нараа.

Үндсэн хуулийн үзэл санааг боловсролд хэрэгжүүлж эхлэхийг дор бүрдээ шаардаач!

Санаандгүй, санаатай ийм увайгүй үйлийг бүтээгч болж хувирсан бол, яваа бол түүнээсээ татгалзаач!

Багш гэсэн атлаа багш бус үйл хийж яваа дотоодын аюулаа дор дороо арилгаач, засаач, зайлуулаач!

Багшийн ёс зүйгүй үйл бүхэн тань багшийг ядуурлаас гаргах багшийн өнөөх тэмцлийн үнэн чөдөр, үндсэн чөтгөр нь болж байгааг дор дороо санаач!

Багшийн ёс зүйн доройтол багшийн ядуурлын эх шалтгаан болж буйг нэг бодооч!

Багш нарын цалингаа нэмүүлэх, багш мэргэжлээ шавраас татаж гаргах, боловсролоо дампуурлаас гаргах, монголоо хүний хөгжилд тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэх их үйлсийн эх болсон өнөөгийн багш нарын хөдөлгөөн, тэмцлийг ходоохон зорилготой буруу ашиглах, намын хүсэлд нийцүүлэх, гадаад явах, зөвлөлд орох гэх зэрэгхэнд хууртаж сайдын өмнө долдойтох, харилцааны үндсэн хэлбэр хэрэгсэл цахим хуудсыг нь мөнгө олох сурталчилгааны хэрэгсэл болгон хулгайлах, зарах, хувилдах, урвах, шарвах, зөв бустай энэ эрхэм үйлсийг ихэрлүүлэх гэх зэрэг увайгүй үйл нь багш бусаар биш харин багш нараар хийгдээд байгааг олж харж байгааг биз! Санаж байгаа биз!

Багш бусын биш, харин багш нарын ийм увайгүй, ёс зүйгүй үйл тань багшийн цалин нэмүүүлэх тэмцлийн үнэн чөтгөр, үндсэн саад чөтгөр нь болж байгаа тул багшийн ёс зүйгээ бодож одоо үүнийгээ болиоч! Зогсоогооч, тэр багш нараа!

Багш мэргэжилтэй бол багшийн ёс зүйг "улаан шугам" болгож барьж яваач!

Мөнгөөр ядуурсан энэ амаргүй цагт ч гэсэн багшийн ёс зүйгээрээ бүү ядуур. Түүнийг уландаа бүү гишгэ!

Багшийн нарын энэ мэт ёс зүйгүй байдал нь эргээд багш нарын өнгөрсөн, одоо, ирээдүйн чухал тэмцэл бүрийн үнэн дайсан, үнэн чөдөр, үндсэн чөтгөр болж байсан, байгааг, байхыг бас нэг сайн санаач дээ, тэр багш нараа!

Багшийн өнөөх тэмцлийн үнэн чөдөр, үндсэн чөтгөр тань багшийн ёс зүйн ялзрал гэдгийг энд тэндгүй, энэ тэргүй багш бүр нэг сайн ухаарч өөртөө эргэцүүлээч дээ!

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
 
 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_29.html

Tuesday, March 27, 2018

Багш ёс зүйгээрээ ямар ч үед ядуурч үл болно


Багш ёс зүйгээрээ ямар ч үед ядуурч үл болно

Багшийн мэргэжлийн үнэн ёс зүйн эх зарчмаас энд эхлээд дурдаж, багшийн ёс зүйн гундалтын гурван бодит жишээг хэлнэ. Багш мөнгөөр гундсан ч ёс зүйгээр гандаж харин үл болно.

-Алагчлалыг тэвчдэггүй байх (No discrimination)
- Тэнцүү тэгш байдлыг хангах (Equality)
-Шударга байх (Fair go)
- Хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалдаг байх (No violence)
-Үг сургааль нь үнэ цэнэтэй, үнэн байх, ядаж шинжлэх ухаанч байх
- Ардчиллын үнэт зүйлийг үнэт зүйлээ болгосон байх
-Хүн төрөлхтний соёл иргэншлийн эхэнд байх
- Ижил тэгш байдлыг хангах (Equity)

Энэ мэтээр багшийн мэргэжлийн үнэн ёс зүйн эх зарчмыг эмхлэн бичээд байвал урт болчихно. Уншихгүй болчихно.

Мэргэжлийн ёс зүйн эх зарчмаа ямагт баримталж байх нь багш гэхийн утга учир мөн. Өнөөгийн багш нар ёс зүйгээ ёс зүйн дүрэм төдийхнээр хараад байх шиг санагддаг. Энэ нь их зохисгүй юм. Хэрэв багш нар ёс зүйн эдгээр эх зарчмаа "нүдний шил" мэтээр үзэж өнөөгийн боловсрол руу харвал юу харагдана гээч!

1. Алагчлал энэ улсын боловсролын эд эс бүхэнд мөн их амилсан байгаа биз. Ерөнхий боловсролыг төрөөс үнийг нь дааж, үнэ төлбөргүйгээр ижил тэгш байдлаар хүүхэд бүрт эрх тэгш олгож чадахгүй байгаа биз. Тэр хувийн хийгээд яамны гэх лаборатори мэт авилгын гэмээр алагчилсан сургуулийг энэ зарчмаар эргээд нэг шинж дээ. Тэнд ажиллаж байгаа багш нар мэргэжлийн ёс зүйн эх зарчмаа нэг эргэцүүлээч. Жишээ нь, хүүхэд эцэг эхийн өмчийн байдлаас хамаарч өөр өөр сургууль, нөхцөлд суралцах нь ардчилсан гэх улсын ардчилсан бус соёл болох нээ. Тийм үү?

2. Олимпиадаар мөн их ялгаж сургаж байна аа! Бүх хүүхдийг үүгээр эцэстээ тун их хохироож хэдхээн багш нар мөн их хөлжиж байна аа! Энэ нь багшийн ёс зүйн эх зарчимд нийцэж байна уу, багш нараа?

3. Сурах бичиг гэж нутаг довны үзэл, усан мусан нутгийн хийгээд ашиг сонирхлын бүлүүдийн мөнгө олох хэрэгсэл болж мурих бичигт хувираад энэ улсад мөн их удаж байна аа. Дүнд нь хүүхэд хуурамч,худал зүйл үзэж, үйлээ барж, цагаа үрж байна. Ёс зүйгээ бодож үүнийг эргэцүүлсэн багш хэр олон байна даа, энэ цагт!

4. Хаврын хавсарганд ядарч туулдсан хөөрхий хурганы үсэнд гүн шигдэж наалдсан хувалз, шалз лугаа олширсон, хүүхдээ ялгаварласан, өөрсдөө төлбөрөөр нь харин том цамхаг босгож цүндийсэн тэр хувийн гэх сургуулийг ажиглаад ёс зүйгээ бодон ийм мөнгө хүүлэлтэд оролцохгүй, ажиллахгүй гэсэн багш, ер нь, энэ улсад гарав уу, өдий хүртэл? Бод доо нэг!

Энэ мэтээр ёс зүйгээ алдсанг дурдаад бичвэл цаас ч, цаг ч хайран болох биз ээ.

Багшийн нэг цагийн хөлс нэг долларт хүрэхгүй байгаа нь их ядуурал мөөн мөн. Гэвч ийм ядуурал нь багш нар ёс зүйгээ уландаа гишгэж алийгаа алдахын шалтаг болж харин үл болно. Харин ч ёс зүйтэй байж багш нар ёс зүйг, зөвийг, төвийг энэ улсад бүтээлцэх ёстой юм. Энэ нь доройтлын ийм цагт бүр ч амин чухал болж байна.

Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог. Энэ нь ихэнхи хүнд бодит болдог. Гэвч хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч багш нарт энэ нь харин бодит болох ёсгүй юм.

Багш мөнгөөр ядуурсан байлаа ч ёс зүйгээрээ ямар үед ядуурч үл болно.

Багшийн ёс зүйн эх зарчмаа сана, багш нараа! Энэ зарчмаар үйлээ шинж! Тэгэхэд эвгүй зүйлгүйд багшийн оролцоогүй болно. Ингэхэд алагчлалыг мандуулж буй хувийн сургууль, яамны гэх лаборатори "алаг"сургууль, олимпиад гэх мэт алагчлалын үүрүүд, үүдүүд өөрөө аяандаа энэ улсад үгүй болно. Тийм ээ?

Багш мөнгөөр ядуурсан байна, энэ цагт. Гэвч тэд харин ямар ч үед ёс зүйгээр ядуурч үл болно.

Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_27.html

Thursday, March 22, 2018

Монгол хүний төлөө үнэн ҮЭ-үүд нэгдээсэй

“Эв санааны нэгдэл” ҮЭ, МБҮЭ хамтран 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөх зохион байгуулсан                                               хэвлэлийн бага хуралд хэлсэн үг


“Эв санааны нэгдэл” ҮЭ, МБҮЭ хамтран 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд хэлсэн үг

Монгол хүний төлөө үнэн ҮЭ-үүд нэгдээсэй

Багшийн ажлын нэг цагийн хөлсний цэнэ монголд нэг америк долларт эргэлдэж байна. Худлаа гэвэл тооцоод үз. Багшийн сарын цалин 200 доллараас хэтрэхгүй. Хөдөлмөрийн хуулиар багш өдөр 8 цаг, ажлын 5 өдөрт 40 цаг, 4 долоо хоногт, 160 –аас цөөнгүй цаг ажиллах ёстой. Эндээс 200 $/168 = 1.19$. Тэгэхээр багшийн нэг цагийн нарийн мэргэжлийн ажил Америкийн нэг долларын цэнэтэй байгаа биз, энд.

Багшийн нэг цагийн нарийн мэргэжлийн ажлыг энэ улсад Австралийн мэргэжлийн бус цэвэрлэгчийн нэг цагийн ажлын хөлснийхөөс 16 дахин багаар цэнэлж байна. Тэгэхээр монгол багш нар энд багш гэж доромжлуулж байхаас илүүтэйгээр тэр улсад цэвэрлэгч байхыг илүү үзэж байна. Хүний хөдөлмөрийн цагийг цэнэлдэг хүнлэг улс руу тэд нүүж дүрвэж байна, цагаачилж шилжиж байна.

Солонгост хар ажил хийж харлах урт цуваа энэ улсад их урт байна. Амралтаар тэнд тэд харлаж ажиллаж байна, ажиллаж харлаж байна. Багшийн ажлыг ингэж дорд болгож хувиргасан хорон бодлогын дүнд манай улс эцэстээ иймд багшгүй улс болох нь. Энэ бол үндэсний том сүйрэл юм. Энэ бол манай нийгмийн харанхуй, бурангуйн их үүд юм.

Багшийн нэг цагийн хөлс ингэж Америк нэг долларт хүрэхгүйгээр цэнэлэгдэхэд багшаас доор давхарга, ангийнхны нэг цагийн ажлын хөлс нь хагас доллар буюу Америк 50 центээр цэнэлэгдэхэд гайхах ерөөсөө хэрэггүй юм. Монгол хүний нэг цагийн ажлын хөлсний дундаж үнэлгээ 50 цент л биз дээ. Ийм улсад хөдөлмөр хийж амьдрахыг хүсэх хөдөлмөрийн хүн байх уу? Үгүй л болов уу!


Ийм учраас хөдөлмөрийн насны залуучууд нь хүний хөдөлмөрийг цэнэлдэг тэр улс руу нүүдэлж дүрвэж, дүрвэж нүүдэлж байна. Солонгос улсад хараар ажиллаж харлах хар цуваа энэ улсад яасан их урт болж байна. Ийм цувааны уртыг шинжихэд монгол улс удахгүй хөдөлмөрийн хүнгүй болж мэдэхээр харагдаж байна. Ийм хар үзэгдлийн дүнд нь энэ улсад ноороглоод хаясан цаас шиг хэдхээн улс төрчид, одохоо хүлээсэн ядмагхан цөөнхөн хөгшид, алсад харлан ажиллаж буй эцэг эхээ элгээ эмтэртэл санасан учраа олоогүй хөөрхий бяцхан  нялхас л үлдэж мэдэх нь. Ийм улс их хол явах уу, ер нь урагшлах уу? Хол явахгүй!. Харин их уруудана!.

Ингэж урвайсан улсыг улс шиг улс байлгахын тулд хөдөлмөрийн хүн хөдөлмөрөөрөө амьдарч болдог нөхцлийг л, хөдөлмөрийн бодит үнэлэмжийг л бий болгох ёстой. Ийм үйлсийг ноорог цаас шиг болсон улс төрчид өрнүүлдэггүй. Ийм үйлсийг хөдөлмөрийн хүний төлөө; хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө; хүн хар авилгалаар биш ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө эвлэлдэн нэгссэн, эв санаагаар нэгдсэн үнэн ҮЭ –үүд бүтээдэг, авчирдаг жамтай юм. Түүхтэй юм.

Монгол хүн хар авилгаар биш харин ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч болдог шударга нийгэмтэй зөв, төв монголыг иймд үйлдвэрлэл буюу ажил хийдэг хөдөлмөрийн хүний төлөө үнэн ҮЭ л бүтээнэ, авчирна.

Ийм үнэн ҮЭ-ийн нэг бол багшийн цалинг нэмүүлэх, нарийн мэргэжлийн ажлын хөлсөө нэг доллар биш харин нижгээдээр цэнэлүүлэхийн төлөө олон сарын тэмцлийн замд өөрөөрөө бий болсон МБҮЭ буюу Монголын багш нарын ҮЭ юм. МБҮЭ багшийн төлөө, тэгээд хүүхдийн төлөө, цаашлаад, монгол гэр бүлийн төлөө, эцэстээ монголын ирээдүйн төлөө л юм. Үнэн ҮЭ-д дайсан ч байдаггүй. Өрсөлдөгч ч байдаггүй. Том ордон ч байдаггүй. Харин эв санааны нэгдэл л чухал байдаг. Тэр л түүний их эрхэмлэх үнэт зүйл нь байдаг юм. Ийм учраас МБҮЭ хүний төлөө гэсэн “Эв санаа” ҮЭ шиг, “Эрдэнэс таван толгойн ҮЭ” шиг бүх л сайн ҮЭ, үнэн ҮЭ –тэй эв санааны нэгдэлтэй байхыг эрхэмлэх юм.

Нарийн мэргэжлийн ажил болох багшийн нэг цагийн ажлын хөлс нэг Америк долларын цэнэтэй байх ёсгүй юм. Энэ буруу юм. Энэ бурангуй юм.

Монгол багш хөдөлмөрөөр эх орондоо ажиллаж элэг бүтэн аж төрөх хөдөлмөрийн нөхцөл, бололцоог тэдэнд бид бүрдүүлэх ёстой юм. Энэ нь зөв юм. Тэр нь төв юм.

Монгол хүн монголд хар авилгалаар биш харин ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах хүн ёс энэ улсад эргэж ирэх ёстой юм. Үүнийг монголын бүх үнэн ҮЭ эв санаагаараа хамтран бүтээх ёстой.

Монголд хүн хар авилгаар биш ариун цагаан хөдөлмөрөөрөө эх орондоо сайхан амьдарч болдог тэр нийгмийн төлөө МБҮЭ шиг үнэн ҮЭ олон төрөөсэй.

Ингэж үнэн төрсөн үнэн ҮЭ-үүд монгол хүний төлөө үзэл санаагаар нэгсээсэй. Эв санаанд нэгдээсэй.

Ц.Лувсандорж


http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_22.html



Sunday, March 18, 2018

Багш нарт нөхөн төлбөр олгох аятай цаг

Багш нарт нөхөн төлбөр олгох аятай цаг

Багш нарын цалингийн зээлийг тэглэе гэхээр багтарч унах гээд байгаа улс байна, цаана чинь.
Яагаад багтрах гээд байгаа юм бэ гэхээр " Та талх авчихаад хүнээр мөнгийг нь төлүүлэх гээд" байна гэх юм.

Шударга нийгэмд бол нээрээ л тийм л юм. Гэвч шударгаа алдсан нийгэмд бол "багшийн цалингийн зээлийг тэглэх нь" тун шударга юм. Энэ нь ийм нийгэмд шударга ёсны эхлэл болох юм.

"Багтрах" гээд байгаа улсад ингэж хэлбэл одоо ямар сонсогдох бол:
"Улсыг өмчийг хувьчилсан гэх нэрээр өөрийн болгосон баячууд гэх этгээдүүд улсад өмчийг нь буцаагаад өгчих". Үүнийг сонсоход бүр багтармаар, муухай сонсогдож байна уу? Эсвэл Ok уу?


Өмч хувьчлалаар өмчилж авах өмчгүй ганцхан бүл нь багш нар байсан юм.

Өмчийн галзуу нийгэмд өмчгүй үлдсэн тэдэнд хэзээ нэгэн цагт нөхөн төлбөр олгох ёстой. Тэр цаг харин үнэн шударга ёсны эхлэл байх юм.

Багш нарын нийтээрээ ядуурсан энэ байдал нь тэднийг цалингийн зээлнээс чөлөөлөх замаар нөхөн төлбөрийг эвтэйхэн тэдэнд олгох нэгэн аятайхан боломжийг төрд олгож байгаа юм, уг нь. Үүнийг мэдрэх хэрэгтэй.

Цаг нь ирэхэд багш нарт тэртээ тэргүй төрөөс нөхөн төлбөр олгох нь тодорхой. Тэр цаг бол харин үнэн шударга ёсны эхлэл байх юм.

Үнэн шударга ёс амилах тэр цагт багшийн бүлийг төрөөс өмчгүйдүүлж тэднийг олон жил ядуу болгож, чадуу амьдруулсны төлөө уучлал гуйж нөхөн төлбөрийг тэр цагийн багш нарт нь бол өөрт нь, одсон багш нарынх нь бол үр хүүхдүүд нь олгох тодорхой.

Тэр цагт шударга ёс соёл, үнэ цэнэ болсон байх юм. Багш нарт нөхөн төлбөр олгох нь иймд зөвхөн цаг хугацааны л асуудал. Тохиох нь тодорхой...

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Залуу цагийнх минь надад юунаас ч жинтэй

Залуу цагийнх минь надад юунаас ч жинтэй

Залуу дүр, ширүүн харц, өтгөн үс
Цоглог цагийн минь залуу гоёл юм.
Зөв үйл, төв зангараг, буурал ухаарал
Туулсан замын минь цэнэтэй соёл юм.


Тэр цагийн тийм энгийн гоёлтой залуу
Энэ цагийн ийм л нэгэн соёлтой профессор
Профессорт хүрсэн хөлс минь үнэтэй ч
Залуу нас минь түүнээсээ ч цэнэтэй.

Ухаарлын дусал бүр надад үнэтэй ч
Залуу цагийнх минь түүнээс ч цэнэтэй.
Буурал дурсамж минь надад жимтэй ч
Залуу цагийнх минь юунаас ч жинтэй.


Жич:Залуу цагийн тээр нэгэн анд минь надад ийм нэгэн зургийг цахимаар илгээжээ. Элдэвлэсэнгүй, яг илгээснээр энэ байрлуулав. Яагаад?
Залуу нас минь надад юунаас ч цэнэтэй.
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр


 

Friday, March 16, 2018

Багш нарт эзэд ч, гурван талт хэлэлцээр ч хэрэггүй

Багш нарт эзэд ч, гурван талт хэлэлцээр ч хэрэггүй

Багш нарт эзэд хамаагүй юм шүү дээ. Эзэд хөөрхийс татвараа бидэнд төлчихсөн. Түүнийх нь 17 хувь боловсролд ирчихсэн. Тэгэхээр тэдэнтэй эргээд багш нар юу ярих юм вэ? Ярих гэвэл загнуулна биз. Тэр ч зөв ёс.

Байраа л зөв. Эртнээс байраа зөв олж байсан бол, бизнесийн корпораци биш харин жинхэнэ ҮЭ шиг ажиллаж байсан бол монгол хүний хөдөлмөр ингэж цэнэгүй болохгүй байв, энэ улсад. Монгол багш үнэгүй болохгүй байв, энэ салбарт. Хөдөлмөрийн насны монгол хүн монголоосоо зугтахгүй байв.

Байраа л зөв ол. МБҮЭ засагтаа, тодруулбал боловсролын сайдтай л учраа олж байна, цаашид.
Учраа олоогүй, учир олддоггүй сайдыг мэтгэлзээнээр их амархан илчилж буцаан явуулж байна. Энэ соёл болно.

Ингэж байж л энэ улсад багш үнэтэй, боловсролтой чанартай болно.

Энэ нь эргээд муу ҮЭ-г үгүй хийж ҮЭ соёлыг монголд үнэн бүтээж монголоо мандуулахад хүргэнэ. Монгол хүн улс орондоо хөдөлмөрөөрөө амьдардаг болно.

МҮЭ муу байсанг улсаараа ядуурсан, улсаасаа зугатсан, улсаа өрөнд унагаж дэлхийн доог тохуу болгосон, урвайсан бараан өнөөгийн дүр зураг гэрчилнэ.Тийм биз!

Муу ҮЭ-г хальж сайн ҮЭ -г монголд авчирна. Энэ үйлсийн эхэнд, энгэрт МБҮЭ байх болно. МБҮЭ шиг цаашид бүр их олширно.

Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Thursday, March 15, 2018

МБҮЭ монгол багшийг цэнэтэй болгоно

МБҮЭ монгол багшийг цэнэтэй болгоно

ҮЭ үнэн хөгжсөн улсад том компани боссын шүдний ганц өвчин нь ажилчдынх ҮЭ л байх.

Гэтэл манайд боловсролын сайд нь хүртэл багшийнхаа ҮЭ -г хэвлэлээр хээв нэг доромжлоод сууж байх.

Муу МҮЭ тэднийг ингэж давруулсан байгаа юм.

МБҮЭ сайн байж ҮЭ соёлыг монголд үнэнээр тарина. Тэдэнд үглэж биш харин үйлдэж хичээл заана.

Ингэж байж л монгол хүний хөдөлмөр цэнэтэй болно. Монголд багш хүн үнэтэй болно.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Сайдаар саадыг биш сайныг нь ажиллуул

Сайдаар саадыг биш сайныг нь ажиллуул

Салбарын сайд нь ажиллаж байгаа багш нараа элдэв хэлбэрээр хэвлэлээр дарамтлах нь их л ёс зүйгүй хэрэг юм. Ер нь үе үеийн сайд гэгчдийн манарсан, олигархи бодлогын дүнд л бүх хичээлээр багш нар илүүдчихсэн байгаа биз дээ.

Зутарч яваа багш нарыг хэвлэлээр хариуцлага ярьж айлган сандаргаж элдвээр дарамталж байхын оронд багш бэлтгэх олигархи бодлогоо тэглэх, цэглэх, цэгцлэх тухайгаа их яривал илүү утгатай юм биш үү!

Боловсролын сайдыг намчирхлаас ангид болгомоор байна. Намаас өөр хийсэн зүйлгүй байж салбарынх нь сайн нь гэж гэнэт томилогдон ирээд баахан цаас үйлдвэрлэж, суралцаж аваад, боловсролын салбараар хар пиар хийн унагаж аваад буцдаг нь энэ улсад жам бус нэг зам болоод удаж байна.

Үүнийг больж салбарын саадыг бус харин сайныг нь сайдаар ажиллуулдаг тогтолцоог бүрдүүлээгүй цагт боловсролын салбар дампуурлаас ангижрахгүй, багш ядуурлаас гарахгүй ээ!

Салбарын үндсэн ажилтан багш нар нь нийтээр өлсөж байхад тэдний төлөө энэ цагийн энэ сайд өдий хүртэл юу хийв вэ? Аан, үнэтэй зөвлөгөөнийг хийсэн гэх байх аа. Үнэтэй тэр зөвлөгөөний үр дүн тэгээд хаа байна. Ер нь сайд бүхэн ирээд өмнөхөө үгүйсгэж байж баахан "на, нэ, но, нө" ярьж үймүүлж үймүүлж байгаад буцдаг нь гашуун нэгэн бодит байдал болсон шүү. Багш ядуурч, боловсрол дампуурсан нь энэ гашууны нэг горь шүү.

Ингэж хэлэх ч үндэстэй, ийнхүү асуухад ч эрхтэй, бид. Боловсролын салбар багш бидний хувьд хар пиарынх бус харин цагаан амьдралынх талбар юм шүү дээ. Тэгэхээр асуух, хэлэх бүү хэл амьдралын талбар энэ салбараа өлгөлөнгөөс гарахыг шаардах ёстой. Сайд гэдэг энэ салбарын удирдагч нь биз? Айлаар бодвол эцэг нь биз?

Өлсөж байгаа багш нараас үр дүн нэхээд нэмэргүй ээ. Хэвлэлээр элдвээр айлган дарамтлах нь бүр ч тусгүй. Харин ядруурлаас, өлсгөлөнгөөс түүнийг эхлээд гарга. Ингэж чадахгүй нь юм бол чаддагаар нь аль болох эрт солихыг нийтээрээ, бүхлээрээ шаард. Учир нь боловсрол бол нийгмийн хувьд хүний тархи лугаа амин чухал салбар тул түүнийг өндийлгөх нь нийтийн язгуур эрх ашиг мөн.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_66.html

Багшийн цалингийн зээлийг тэглэе! Тэгэх үү!

Багшийн цалингийн зээлийг тэглэе! Тэгэх үү!
МБҮЭ, МБН-ээс явуулсан цахим судалгаагаар нийт багш нарын 86 хувь нь цалингийн, байрны гэх зэрэг элдэв зээлэнд амьдрал нь ч, ажил нь ч уяатай байна. Ерөнхийлөн хэлбэл, 10 багшийн 9 нь зээлтэй, өртэй. Үлдсэн нэг нь сайндаа биш, харин, шинэ учраас зээлийн шаардлагыг хангахгүй байх. Зээл авмаар байвч түүнд хүрч чаддаггүй гэсэн үг. Нийлүүлээд хэлбэл, өнөө цагийн багш нар бүхэлдээ үнэндээ зээлэнд уяагдаж, өрөнд баригдсан байна. Үнэн дүр нь ийм л байна.
Өртэй хүн өөдөлдөггүй. Өттэй мал таргалдаггүй гэдэг. Өнөө цагийн багш нар бүхэлдээ өрийн гинж, зээлийн уяандаа түүртэн ерөөсөө өөдлөж өгөхгүй байна. Уяатай хүнээс үр дүнг нэхээд хэрэггүй. Өртэй хүнээс өгөөж хайгаад нэмэргүй.
Хүний амьдралыг замыг гэрэлтүүлэгч багш нар маань яагаад ингэж ядуурав аа, ядрав аа, бачуурав аа?
Учир нь их энгийн юм. Их энгийн гурван шалтгааныг энд дурдана.
Нэг. 70 жилийн турш хамтран бүтээлцсэн нийгмийн баялаг болох өмчөө 90 оны ихээр хувааж авсан их өмч хувьчлалаар багш нар л их хоосон хоцорсон юм. Тэднийх гэх өмч тэнд үнэндээ байсангүй. Ямар хүүхэд, анги танхимаа өмчилж авалтай биш. Гэтэл малчин малаа, тракторчин трактораа, байрчин байраа авч байв. Зарим нь бүр улсын үйлдвэрийн газрыг өмч хувьчлалаар хоёр, гурваар нь хүртэл өөрийн өмч болгосон байх. Гэтэл багш нар хоосон үлдэж тэр цагийн цагаан сэтгэлгээгээр цайлган ажиллаж байв, тэр цагт хөөрхийс. Өмчийн нийгэмд өмчгүй хоцорсон тэд ингэж л үгүйрч эхлэх замдаа орсон юм даа. Хоосорсон юм даа. Ядуурсан юм даа. Ядарсан юм даа.
Хоёр. Тэр цагаас хойш багш нар өмч босгох эх үүсвэр болох нэг цагийн ажлаа бодитой цэнүүлж ерөөсөө чадаагүй юм. Тэд хөлсөө дэндүү багаар хөлсүүлж үргэлжлэв. Өмнөх үеийнхнээсээ бүр 10 дахин багаар хөлсүүлж эхлэв. Багш ингэж л ядуурч ажиллан, ажиллаж ядуурах замналаар явсан юм даа. Зутарсан юм даа. Ингэж явахад тэднийг харин хэн ч өмгөөлсөнгүй. Өмөөрсөнгүй. Харин гурван талт хэлэлцээр гэгч тэднийг улам л ийм байдалд түлхэн оруулж байсан юм даа.
Гурав. Багш нар ажил амьдралаа авч явахын тулд аргаа ядан бүр аваагүй цалингаа хүртэл банканд хүүлүүлж, барьцаалан цалингийн зээл авч өрөнд улам орсон юм. Хүний амьдралын эх үүсвэрийг хүртэл банканд ингэж барьцаалж байхыг хараад хориглосон хэн ч байсангүй, энэ улсад. Харин ч ипотек гэх зэргээр зээлэх мөнгөтэй, зарах байртай баяныг дэмжиж багшийг бүр сөхрүүлсэн түүхэн үйлдэл ч бас бий л дээ.
Ийм л гурван энгийн шалтгаанаар одоо багш нар бүхэлдээ зээлэнд уяатай, өрөнд өлгөөстэй байна. Аваагүй цалингаа зээлэндээ өгсөөр, өрөндөө барьсаар багш маань одоо ядуурсаар л байна. Ядарсаар л байна. Өлссөөр л байна.
Ядуурсан багш нараас ямар үр дүнг хүсэв вэ дээ. Тийм ээ!
Өлсөж байгаа багш нараас ямар үр дүн гарав вэ дээ. Тийм ээ!
Үр дүн үгүй сургууль, боловсролоор үр хүүхдүүд маань л их хохирч байна. Тийм ээ!
Хүүхдүүд маань ингэж хохирогч болоход энэ нийгмийн ирээдүй их баргар байна. Тун бараан байна. Тийм ээ!
Багшийг яаж өрнөөс салгах вэ?
Багшийг яаж зээлнээс гаргах вэ?
Багшийг яаж өөд татах вэ?
Багшийг яаж нэг өнгөлж баярлуулах вэ?
Багш үндсэн цалин байнга нэмэгдэж байхын эх үндсэн ТСМА-г хамтдаа бүтээе!
Багшийн цалингийн зээлийг төрөөс нэг л удаа энэрч тэглэе!
Багшийг ингэж нэг өнгөлж хүүхдүүд ээ ч, ирээдүйгээ ч өмгөөлье!
Хүүхдээ хамгаалж өмгөөлөн улсаа бас нэг өнгөлье! Улс байна даа, хүмүүс байна даа, бид тань!
Өмчийн нийгэмд өмчгүй үлдсэнг нь хөөрхийлөн санаж хөөрхий багшийн нарынхаа цалингийн зээлийг нэг удаа л төрөөс дааж тэглэе. Энэрч гамная!
Тэгэх үү!

Wednesday, March 14, 2018

Өнөө цагийн багшид гавьяатын тэмдэг хэрэггүй

Өнөө цагийн багшид гавьяатын тэмдэг хэрэггүй

Гавьяатай гэх өнгөрсөн цагийн багш нарыг одоогийн багшийн цалингаар ядаж нэг өдөр ажлуулаад үзэхсэн. Тэгэхэд алдарт нам засгаа дуулж өнгөрсөн тэд одоо цагт дээр одоо цагийг ойлгох бус харин бага ч болов мэдэрч юун магад. Мэдрэхгүй ч байж ч бас магадгүй юм, тэд чинь.

Тэдний үеийнхэн баян багш байжээ. Одоо үеийнхэн өлсдөг багш болжээ. Тэгэхээр өнгөрсөн баян нь одоогийн ядууг ойлгож үл чадах. Тэгээд тэд одоог нөгөөдүүлтэйгээ нийлж их шүүмжлэх, их басамжлах нь бас л аргагүй юм. Гавьяатай юм чинь. 

Ахмад үеийн багш нараас авах зүйл байж мэдэх л юм. Тэр нь гэвч гавьяатын хийрхэл нь лав л биш юм. Гавьяат олонтой энэ салбар, уг нь гайгүй хөгжилтэй баймаар юм. Тийм ээ!

Өлсөж байгаа багшид гавьяатын тэмдэг хэрэггүй ээ! Ядарч яваа багш нарт ажлын харин үнэн үнэлэмж л хэрэгтэй.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Tuesday, March 13, 2018

Умш, унш, умш


Умш, унш, умш

Умш, унш, умш. Ингэж гарчиглавал, магад энэ бичвэр энэ цагт унш гэхээсээ илүү умшигдах юун магад. Ийм хэлц нь утга зохиолын нэгэн ур шийдэл гэхээсээ уншуулах гэсэн нэгэн ядмаг оролдлого л юм.

Манай нийгэм алийгаа алдсан өнөөх 30 жилд уншдаггүй болсон. Харанхуй болсон. Бурангуй болсон. Яг уншья гэвэл бас олигтой ганц ном ч үгүй байх. Эрүүл хүн эргэлцүүлж уншиж яагаад ч болохгүй эрүүл бус баахан "ном" нэртэй хэрэггүй цаас харин их элбэгжиж, төрийн гэх сургууль, номын санг дүүргэж байна. Ийм учраас энэ нийгэм энэ цагийн хүн төрөлхтний соёл иргэншил, ухаарлаас тун их хоцров.

Шинэ зуунд энэ нийгэмд математик, одон орон, хувилахуйн ухаан, амин ухаан, бөөмийн ухаан гэх мэт шинжлэх ухааныг цэцэрлэгээс авахуулаад монголын оюуны элитийн үйлдвэр байсан МУИС-д хүртэл үгүй болгов. Оронд нь олон улс судлаач, менежер, эдийн засагч, хуульч, монгол хэл шинжээч, монголын түүхч,банкчин, санхүүчин гэх мэт баялаг бүтээдэггүй, танин мэддэггүй, угтаа танин мэдэхүйн цэнэгүй, учир мэдэх хэнд ч үнэндээ үнэгүй, цэнэгүй, хэрэггүй зүйл ихэд дэлгэрэв. Эцэст нь энэ нийгэм үнэн ёс, жам ёсыг бус заль мэхийг шүтдэг, дээдэлдэг болж байх. Худал, хуурмаг энд л эзлэх байраа олж, үнэ цэнэтэй мэт болсон байх. Боловсролгүй нь дээдлэгдэн бүүр эрхэмлэгдэж байх.

21 дүгээр зуунд иймд энэ улс өөрийнхөө бодол, үйл, үгээ шинжээс илүүтэйгээр уул, үүл шүтэж байгаль бохирдуулдаг "элит" гэх сүрэгтэй болсон байх.

Шинэ зуунд энэ нийгэмд хүн төрөлхтний түгээмэл том хэлээр бичиг үсэгт тайлагдсан бичгийн хүн үгүй болж харанхуй бүдүүлэг байдал газар авсан байх. Гадаад сурсан гэх нь утга зохиолын бус харин жорлонгийн хэдхээн хар үгтэй ирснээ хэлтэй мэт гайхуулж төрийн албыг түжигнүүлж байх. Монгол хэл нь монголдоо монгол хүн сурч болдоггүй дүрмээр хийрхсэн хийрхлийн хэл болтлоо хийрхэлд автав. Хэдхээн хүн үүгээр харин ихэд хөлжив.

Боддог, уншдаг, бичдэг, сэтгэдэг хэлгүй болгов. Сэтгэлгээгүй болов. Боддоггүй, уншдаггүй болов. Улам сүрэгжив. Их хар массжав. Энэ сүрэгжилт, харжил нь энэ нийгмийн том ядуурал, хамгийн том сүйрэл болов. Үнэн аюул нь болов. Үнэн харанхуй нь болов. Энэ бараан бүхний дүнд энэ нийгэм хөмөрсөн тогоо лугаа харанхуй, бурангуй, бараан болсон байх.

Хөмөрсөн тогоо лугаа бараан, харанхуй, бурангуй энэ ядуурсан, харласан нийгмийг багш нар гэгээн болгодог жамтай юм. Хүн төрөлхтний үүх, түүх нь ийм л юм.

Үүний тулд багш нар маань эхлээд унш, умш,унш. Ингэхэд хүүхдүүд уншдаг, умшдаг болно. Уншдаг, сэтгэдэг хүүхдээр дамжиж эцэг эх нь уншдаг болно. Эцэстээ монголоороо уншдаг болно. Энэ цагт монголд ухаалаг нийгэм аяараа бий болно. Яагаад?

Уншдаг хүн урвайдаг нь биш. Хулгайлдаг нь биш. Хумсалдаг нь биш. Хийрхдэг нь биш. Хэрэлддэг нь биш. Харин хийдэг нь, хэлэлцдэг нь юм. Хүн төрөлхтний тухайн соёл иргэншлийн хэсэг нь тэд мөн. Хөгжлийн эзэд нь бас тэд л юм. Хуучин биш харин шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологийн эзэд мөн л тэр л уншдаг нь байх. Тэд тэгэхээр өнгөрсөн биш харин ирээдүй байх.

Унших нь эрдмийн эх мөн. Тэр бас эрхэм ухааны язгуур үндэс юм.

Тэгэхээр унш, умш, унш. Багш нар аа!. Хүүхдүүд ээ!, Эцэг эх ээ!

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр

ТСМА-г ухаар, багш нараа.Умш.

ТСМА-г ухаар, багш нараа.Умш.

Үндсэн цалингаа нэмүүлэх гэхийг ихэнхи багш нар их сайн ойлгодог. Харин ТСМА гэдгийг ихэнхи багш нар ерөөсөө ухаардаггүй юм. Уг нь нэг нь утга нь; нөгөө нь арга зам юм.

ТСМА гэж боловсролын яам хэлдэг болжээ. Энэ нь бидний тэмцлийн том амжилт мөн. Одоо сангийн болоод хөдөлмөрийн яамыг ТСМА гэж хэлдэг, ухаардаг болгох их ажил бидэнд үлдэж байна. Том үйлс өрнөх нь байна.

Багш нар бас үндсэн цалинг нэмүүлэх гэдгийг ойлгодог шигээ ТСМА -г ухаардаг, бас хэлдэг, хэлэлцдэг, түүнийг бий болгохын төлөө нэг цул болж нэгддэг болох хэрэгтэй.

Багшийн энэ тэмцлийн хамгийн том, хамгийн алсыг харсан ололт бол ТСМА мөн. Үүнийг бид их бичив, их түгээв. Гэвч багш нарын ихэнх нь түүний үнэ цэнийг одоо хүртэл бариагүй л байдаг.

ТСМА гэдгийг ухаар. Хэл. Унш. Багш нараа.

Онц хурлын тогтоолоо нэг хар.

Сонингийн шинэ дугаараа нэг эргүүл.

Яамнаас харах зөвлөмжийг эргэцүүл.

ТСМА бүтээх үйлсэд оролц.

ТСМА батлахыг их хурлын гишүүдээс шаард.

ТСМА бүтээх жагсаалд нэгд.

ТСМА бий болгох ажил хаялт бэлэн бай. За.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Monday, March 12, 2018

Хүүхдийн ирээдүйг өмгөөлөх тэмцэл

Хүүхдийн ирээдүйг өмгөөлөх тэмцэл
Боловсролын бүх бүтэлгүйдэл эцэстээ хүүхдийн бүхэл бүтэн ирээдүйн бүтэлгүйдэл болдог. Манай улсад боловсрол дэлхийн шилдэгээс шилмэл муу нь болж хувирсан. Одоо боловсролын салбар зүгээр л олигархиуд (хөрөнгөжсөн эрхмэдэлтэн, эрхмэдэлжсэн хөрөнгөтөн)-ын мөнгө угаадаг талбар нь болсон юм.
Хар даа, тэр үндсэн хуулийн үзэл санааг улиндаа гишгэн байж хувийн сургууль гэгчээр мөнгө угааж, олон давхар ордон босгож байгааг.
Ажигла даа, тэр олимпиад гэгчээр мөнгө хүүлж хувийн цамхагууд сүндэрлүүлж байгааг.
Эргэлцүүл дээ, тэр, утгаа алдсан 21 хичээлийг оруулж хүүхдийн сурах хүслээр олигархийн бизнес сүлжээг баяжуулж байгааг.
Шинж дээ, тэр 100 гаруй хувийн сургуулиар онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд бэлтгэж байгаааг.
Бод доо, тэр, дурын дундажийг урилгаар элсүүлж багш мэргэжлийг доромжилж байгааг.
Ухаар даа, тэр, хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч, нийгмийн ганцхан хүүхдийн төлөө бүл дөрвөн түмэн багш нарыг өмчгүйдүүлж, ядууруулж, ядрааж, өлсгөж, уйлуулж, урвайлгаж байгааг.
Багшийн нарын тэмцэл иймд эцэстээ хүүхдийн ирээдүйг хамгаалах, цаашилбал, монголын ирээдүйг өмгөөлөх тэмцэл мөн.
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Sunday, March 11, 2018

Урвайсан бараан сүргийн биш, харин Инээсэн гэгээн хүний нийгмийн төлөө...

Урвайсан бараан сүргийн биш, харин
Инээсэн гэгээн хүний нийгмийн төлөө...

Багш нар уйлж байна гэж нэг багш бичжээ. Эрх мэдэлжсэн хөрөнгөтөн, хөрөнгөжсөн эрх мэдэлтэн нэг хувь маань багшийн энэ уйлааныг ерөөсөө ухаарч тусгаж авч чадахгүй байх шиг. Тасарна гэж энэ.

Багш нарын уйлааныг ухаарахад уг нь их амархан. Багшийн гэр бүл өдөрт 4 доллар буюу 10000 төгрөгийг хоолондоо зардаг гээд бод доо. Зөвхөн хоолондоо шүү дээ. Тэгэхэд сард 300 000 төгрөг болж байна. Тэгээд үлдсэн 200 000 хүрэхгүй төгрөгөө байрынхаа зээлэнд өгөөд өртэй хоцрох юм, тэд. Хувцас хунар, үр хүүхдээ баясах, юм үзүүлэх гэх зүйлийн тухай багш нар бодох ч үгүй болчихоод байна, цаана чинь. Ядуурсан байна.

Үнэндээ өдөрт 4 доллараар нэг гэр бүл бүү хэл нэг хүн ч ямаршуу хоол идэх билээ дээ. Тийм биз. Гэтэл нөгөөдүүл тань багшийн сарын цалингаас их мөнгийг нэг удаа хоолондоо хээв нэг төлөөд сууж байх. Зөрүү нь ийм л байна.

Тэгэхээр багш нар өлсөж байгаа нь их тодорхой юм. Багш нар өлсөж байгаа юм чинь нийгмийн дундуур доод бусад бүл болох 70 гаруй хувь нь, мэдээж их өлсөж байгаа. Зөрчил нь ийм л байна.

Урвайсан, ууртай царайтай; хиртэй, бараан хувцастай, дайн дажинд нэрвэгдсэн юм болов уу гэмээр хар бараан сүрэг гудамжинд их байгаа биз. Худлаа гэвэл гараад уулзвар дээр гэрлээ хүлээж буй бэсрэг сүргийг ажигла л даа. Урвайсан, ууртай, бараан байгаа биз дээ.

Багшийн тэмцэл эцэстээ нийгмийн ийм барааныг гэгээн болгохын төлөө л юм.
Хүний амьдралыг замыг гэрэлтүүлэгч багш өлсөх ёсгүй. Ер нь баян монголд ядуу байх ёсгүй. Хүн өлсөх ч ёсгүй. Эрчүүд нь хар авилга, хар архины хараат байх ёсгүй юм. Эмчүүд нь нэг лонх вино, нэг ширхэг сарнайгаар цэнэлэгдэх ёсгүй юм.

3 сая хүн, тэр дундаа 2 сая хүрэхгүй идэвхтэй насны иргэд нь ажилгүй байх ёсгүй. Тэд урвайсан ууртай, хиртэй бараан байх ёсгүй. Тэд гадаадад сурах мөрөөдөлтэй, солонгос харлах хүсэлтэйгээр монголд халтвар хийж хайран цагаа яйран өнгөрөөгч залуус байх ёсгүй юм.
Багшийн энэ тэмцэл энэ "ёсгүй" бүхнийг "ёстой" болгохын төлөө л юм.

Багшийн энэ тэмцэл эгэл эрхэмсэг, эрхэмсэг эгэл монголын хүний төлөө л юм.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр
 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_11.html

Thursday, March 8, 2018

Нүцгэрсэн монгол шиг нүцгэн жагсаал утгатай

Нүцгэрсэн монгол шиг нүцгэн жагсаал утгатай

Мартын наймнаарх монгол бүсгүйчүүдийн нүцгэн жагсаал их утгатай. Утгатай учраас их учиртай.

Бүх шаардлага нь утгатай л юм байна. Хэлбэрт нь биш харин утганд анхаар.

Мартын 8-аар маазран баардаж байснаас хамаагүй эх орон, үр хүүхдээ гэсэн үйл байна.
Манай ихэнхи эмэгтэйчүүд тэмцлийн өдрөө эд нар шиг биш харин нэг лонх вино, нэг ширхэг сарнайхнаар цэнэлэж өнгөөрдөг муухай зуршлыг албаар бий болгосон байдаг.

Энэ хэдэн хүүхэн тань харин тэр мунхаглалыг сөрж байна.
Монголын эхчүүд одоо ухаарч эхэлж байх шиг. Сэрж эхэлж байна.

Идэр насны ихэнхи эрчүүд нь архидуулах, авилгажуулах хорон бодлогоос болж архинаас, авилгалаас их хамааралтай болсон ийм цөвүүн цагт энэ мэт эмэгтэйчүүд л Алунгоо эх шиг, Мандухай цэцэн хатан шиг өндийж ирж байна. Түүх давтагдаж байна.

Эх үрсээ гэдэг эх хүний сэтгэл, зүтгэлд хязгаар үгүй юм. Нүцгэрсэн монгол дэх эх хүний нүцгэн энэ тэмцэл ч эх хүний үрсээ гэх хязгааргүй тэр сэтгэл, зүтгэлийнх нэгэн илрэл мөн.
Нээрээ л "үндэсний үйлдвэрийг хувьчилах нэртэйгээр түрэн таран хийж байрыг нь түрээсийн лангуу болгоогүй бол одоо шиг ядуурал, гуйланчлалаар энэ улсад дүүрэхгүй байв....Энэ мэт шаардлага, уриа бүхэн их утгатай юм байна".

Үе үеийн эрх мэдэлтний увайгүй, гэхдээ маш санаатай хийсэн үйлдлээс болж, жишээ нь МУИС-ийн эдийн засаг, математикийн ангийг төгсөгчдөд халтвар хийгээд явж байна, цаана чинь. Гадаадад сурч магадгүй,солонгост ажиллаж магадгүй гэсэн мөрөөдөлтэй явах. Яагаад?

Энэ улсад залуучуудад ажиллах ажлын байр алга .Улсыг ийм л болгосон байна. Үр хүүхэд, ач гучид нь ийм бараан одоо, тийм баргар ирээдүй нүүрлэж байгааг зүрх, сэтгэл, зөнгөөрөө мэдэрсэн энэ эхчүүд эрхээ хамгаалах түүхэн өдрөөрөө арга ядан тэмцэл, үзэл бодол, үйлээ ингэж нүцгэрсэн монгол шиг нүцгэн илэрхийлж байна. Буруу, муухай зүйл энд алга.

Хэлбэрт нь бус утганд илүү анхаар. Утгатай учраас энэ тэмцэл учиртай байна.

https://www.facebook.com/photo.php?fbid=2109598185918243&set=pcb.2109481509263244&type=3&theater

Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр