Хүүхдээ хичээл гэх сүлжээний бизнесээс хамгаалцгаая, эцэг эхчүүдээ!
EБС-ийн хүүхэд 22 хичээл гэх сүлжээний бизнесийн золиос болж байна. Сурах зүйл ч тэнд алга. Зааж байгаа юм ч алга. Өдөр бүр шалгалттай гэсэн ядарсан, урвайсан, уйлсан, "22 хичээлээр гэрийн даалгавраа хийж амжсангүй" гэх гунигийн хийгээд айдастай харцтай хүүхдүүд л харин хаа сайгүй, энд тэндгүй л явах юм.
Зүгээр л эрүүл саруул өсөж байсан хүүхэд нь хичээл сүлжээний энэ завхралаас болж улс даяараа нойргүйтэл, ядаргаанд орж байна аа! Хоолны асуудалтай, ходооны шархтай болж байна аа!. Мэдрэлийн согогтой болж байна аа! Хүүхдээрээ өтөлж байна аа!
Яахав, явж, явж, харин "сургууль нураасай" гээд хээв нэг дуулж байдаг нь харин эрүүл саруул үлдэж мэдэх нь, энэ завхралын гадна.
Хүүхэд эрүүл мэндээрээ улсаараа ингэж хохирч байна, энэ улсад. Эцэг эхчүүд үүний хаагуур нь ганхаж, гангарч явна аа!
Хүүхдээ 22 хичээл гэх сүлжээний аюултай бизнесээс хамтарч хамгаалцгаая! Үүнд анхаарлаа байнга хандуулцгаая, эрхэм эцэг эхчүүдээ!
Бас багш нар хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэмцэхээр хүүхдийн эрх хохирч байна гээд байдаг нөгөө олон хүүхдээр овоглосон байгууллагууд энэ завхралын хаагуур явж байдаг юм бол оо!. Тэд харин бүр хичээл сүлжээ гэх энэ бизнесийн нэгэн амин хэсэг болчихсон явдаг юм биш байгаа даа!
Сурах бол баясал юм. Сургууль энэ баясалыг бүтээх, түгээх талбар юм. Багш нар сурахыг баясал болгодог баясалын урлаач юм.
Тэгтэл энэ улсын сургууль, цэцэрлэгт сурах гэдэг гуниг зовлон болж. Бүр хүүхдийн эрүүл мэндийн сүйтгэгч болов. Яагаад?
Сургалтын үндсэн хэлбэр хичээл нь сүлжээний бизнесийн золиос болчихсон юм. Бас сурах бичиг нь мөнгө хүүлэх хэрэгсэл болчихсон; багш нар нь бүхэлдээ ядуурсан, ядарчихсан, доройтолд орчихсон; боловсролын бодлого нь олигархжсан, мөнгөжсөн, дампуурчихсан; боловсролын сайд нь өөрийгөө лиценц тараах, тендер зарлах, түүнд ялалт байгуулах, ялуулах, авилгачин захирал томилох гэх зэрэгхэн ажлын менежер төдийнхнээр өөрийнхөө албыг хардаг болсноор салбарынхаа хөгжлийн чөдөр, чөтгөр, саад болчихсон байдаг учраас тэр л дээ.
Нийгмийн тархи болсон боловсролыг яаж ингэж сүлжээний бизнес болгож чадаж байна аа, сайдууд аа, саадууд аа!
Боловсролын хөгжлийг хөтлөгч байх ёстой боловсролын яам, боловсролын сайдууд өнөөх 30 жилд үе үеэрээ энэ улсын боловсролыг ийм болтол сүйтгэж сүйтгэгч болж үлдэв, түүхэнд. Тэд монгол түмнээс уйлж нэг уучлалт ядаж гуйвал яасан юм дээ!
Боловсролд энэ мэт олон олон асуудал хуримтлагдсаан. Их олон шүү.
3 сая хүн амтай улсад 97 их дээд сургуулиархуу юм байгаа гээд л явна. Тэдний ихэнхи нь онц дүнтэй олон дипломтой залуухан ажилгүйчүүд бэлтгэдэг гээд л үргэлжилнэ.Дээд боловсролтой иргэнийг либерал арт хандлагаар бэлтгэх гэсэн дээд боловсролын хорон, харин хуулбар бодлого гээд цаашилна. Мэргэжил олох гэж сурч байгаа оюутанд ерөнхий боловсролын сургуульд хэдийнээ үзчихсэн монгол хэл, түүх, англи хэл, байгалийн ухаан, гамшгийн менежмент гэх зэрэг хичээлийг галзуурчихсан юм болов гэмээр хүчээр дахин оруулж оюутны төлбөрөөр мөнгөхүүлж залуусыг цагтай нь, мөнгөтэй нь хамт хорлодог нөгөө аюултай A/174 дүгээр тушаал гээд тоочуулна...
Ихэнхидээ цэнхэр хадаг намируулан ирдэг боловсролын сайдууд гэх саадууд салбарын асуудлын хуримтлалд нь их хувь нэмэртэй байснаас биш шийдэлд нь нэмэр болсонгүй, харин авлигажуулах, ЭЕШ, багш эрхийг шалгалт гэх зэрэг ерөөсөө огт хэрэггүй хиймэл үйлчилгээ олж түүгээр мөнгөхүүлэх, олимпиадчуулах, төсвийг үрлэгэн үрэх, гадаадад зугаацах, зугаалах, авилгачин захирал томилох, улсаа өрөнд оруулдаг төсөл санаачилж хэрэгжүүлэх, бүх түвшний хичээл, сургалтыг бохир бизнесийн сүлжээ болгох гэх мэтээр нэрмээс л их болж ирсэн юм. Энэ нь нүдэнд харагдан чихэнд сонсогдож гар баригдахаар баримттай юм.
Хуримтлагдсан асуудал хувьслаар шийдэгдэхгүй болох тэр цагт л хувьсгал болдог.
Боловсролын салбарт одоо хувьсал биш харин хувьсгал л ирнэ.
Өөр гарц үгүй болов уу!
Ц.Лувсандорж
2018 оны 10 дугаар 11-ний өдөр
No comments:
Post a Comment