Friday, October 5, 2018

Энгэрээ төмрөөр дүүргэсэн тэнэгүүдийн орон


Энгэрээ төмрөөр дүүргэсэн тэнэгүүдийн орон

Манай улсын сэхээтэн болох багш нар эхлээд шагналын донгоосоо салаагүй цагт тэд лав л ядуурлаас өндийхгүй. Энэ улс лав л хөгжихгүй. Харин бүр ингэхэд боловсрол үнэн үнэ цэнэ, утга учраа алдаж, харин тэр энгэрт наалдсан төмрийн тань ч цэнэгүй болж үлдэх юм. Энэ аюултай. Учир нь ингэж нийгмээрээ дэмийрэхэд энэ улс эцэстээ энгэрээ төмрөөр дүүргэсэн тэнэгүүдийн орон болох юм. "Болох юм ч" гэж дээ ер нь болсон байна.

Шагналын донгоос энэ улсыг салгахын төлөө эхлээд бүх багш нар энэ донгоос салж энгэр дэх төмрөө хогийн сав руу шууд авч хаях хэрэгтэй. Тэр мөчид багш танд гэнэт том ухаарал ирнэ, мэдрэгдэнэ. Багш бүрийн энэ ухаарал, мэдрэмж нэгсэхэд багшийн нэг цагийн хөдөлмөрийн хөлс бодитой үнэлэгдэж, үнэ, цэнэтэй болно. Багшийн цалин 5,2-6,5 сая болно.

Харин ингээд төмөр шагналд уралцаж энгэрээ төмрөөр уралдаж дүүргэхийн төлөө хайран цагаа яйран үрж явбал багш нар та нар их ядуу оршино. Бас тун ядмаг одно.

Энэ үнэнг багш нар эрт ухаарах тусам өөрт нь эхлээд хэрэгтэй. Эцэст нь боловсролд бас үнэн хэрэгтэй. Эргээд энэ улсад амин чухал хэрэгтэй.

Бас таныг одоход тань энгэрийг тань нэгэн цагт дүүргэж байсан тэр төмөр медаль, шагналиуд үнэндээ хэнд ч хэрэггүй болдогийг их тунгаах хэрэгтэй. Ихэнхи тохиолдолд эрхэм гэгдэх тэд тань хогийн саванд л эцэстээ очдог юм шүү дээ. Үүнийг бас уг нь нийгмийн манлай байдаг сэхээтэн багш нар эхлээд ухаарч, их санаж байхад илүүдэхгүй. Байх ёстой зүйл байх ёстой байрандаа байхад л улс хөгжиж, хүн жаргадаг юм.

Багш нар нийгмийн төв, зөв хэсэг байх ёстой. Ухааралтай бүл байх. Байлгах ёстой. Тэгэхэд нийгэм хүний чадварт тулгуурласан төв, зөв хөгжилд хүрдэг, дэвждэг.

Миний, таны, бидний эх орон Монгол минь энгэрээ төмрөөр уралдаж уралцаж дүүргэсэн тэнэгүүдийн орон бус харин эрдэм мэдлэг, хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө эх орондоо аятай сайхан амьдардаг цэцэн мэргэдийн орон байж мөнхөд дэвжиж байг. Мандаж байг. 

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

No comments:

Post a Comment