Monday, October 22, 2018

Хөдөлмөрийн мөлжлөг их аюултай

Хөдөлмөрийн мөлжлөг их аюултай

Хөдөлмөрийн мөлжлөг байгаа тэр улсад ажиллахыг л боолчлол гээд байгаа юм. Ийм хөдөлмөрийн мөлжлөг Азид лав хоёр улсад бий.

Нэг нь Хойд Солонгост байна. Дэлхий түүнийг илрүүлж байна.

Нөгөө нь Хүмүүнлэг, ардчилсан, Азийн шилдэг ардчилагч улс Монголд бий. Үүнийг харин нь хөөрхий ажиллаж ядуурч, ядуурч ажиллаж яваа багш нар бас илрүүлж байна.

Хөдөлмөрийн мөлжлөг нь хөрөнгөтнийг бол өөхлүүлдэг юм. Тэр хувийн сургуулиудыг хар л даа. Уг нь хөдөлмөрийн мөлжлөгггүй улсад төлбөр нь хийгдэх ажилдаа зарцуулагдана. Энэ бол эдийн засаг, санхүү, хөдөлмөр, төлбөрийн утга учир биз дээ. Гэтэл тэнд багш нар ядуурч туйлдан уйлж байхад хөрөнгөтөн харин дэргэд нь цамхаг хэд хэдээр босгож, хүүхэд нь эрүүл мэндээрээ хохирч байх.

Хөдөлмөрийн мөлжлөгтэй улсад ҮЭ бол байдаггүй. Байсан бол үхсэн байх. Учир нь, ҮЭ-ийн үүрэг бол ажил хаях биш, авилга авах биш, харин хөдөлмөрийн хүний ганц зардаг зүйл хөдөлмөрийг л бодиттой үнэлүүлэх, цэнүүлэх явдал юм. Манайд үнэн ҮЭ алга. ҮЭ гэхээр зүгээр суугаад мөнгө авна гэж ихэнхи нь ойлгодог. Тэгэж харж байдаг юм, одсон нь ч, одох нь ч.

ҮЭ-ийн соёлыг тээгчид ийм ойлголттой байгаа цагт манай Монгол хөдөлмөрийн мөлжлөгөөс амархан салахгүй
.
Залуус энэ улсад тэгэхээр ажил хийхгүй. Тэр нь ч бас аргагүй. Хийсэн хийгээгүй адил юм чинь. Тэд ядаж эрүүл мэнд, цагаа гамнах нь зөв л дөө. Бас халтвараа хийгээд халтвартаж явах нь илүү ашигтай, бас амар л даа.

Хөдөлмөрийн мөлжлөг эцэстээ хүнийг төдийгүй улсыг их сүйтгэдэг. Тэр ажлыг мэргэжлийн хийхийн оронд түүнийг нөгөө айхтар хар бор ухаан, бүдүүн тойм сэтгэлгээ, хээв нэг хээгүй авир, халтвардах, авилгадах, хийрхэх, хуулбарлах, хулгайлах гэх мэт дандаа нь л бүтэлгүйг нь урд нь гаргаж илүү болж амилуулж байдаг юм, яг л ажил хийгээгүй хөрөнгөтөнтэй, төрийн албанаас төрсөн сүрэг тэрбумтантай, үйлдвэрлэлгүй,ер нь яаж хөлжсөн нь тун их тодорхойгүй, далд баячууд гэх нэг хувьтай, зөвхөн компаний захирлууд, дуучин, бөхчин, шүлэгч л байдаг, төлөөлдөг их хурал, засагтай өнөөх манарсан 30 жилийнх шиг л.

Хөдөлмөрийн мөлжлөгөөс салгахын төлөө хөдөлмөр, хөлсөөрөө амьдрах нь үнэт зүйл нь байдаг бүх хүн бүр өндийж суугаад нэг эргэцүүлж их сайн бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол үр сад тань аргагүйн эрхэнд үнэт зүйлээ өөрчилж өөдгүй болох, эсвэл, энэ улсаас өөрсдөө зайлж үнэт зүйл, үнэ цэнэтэйгээ үлдэж өөдтэй явах гэсэн хоёр зам л тэдэнд үлдсэн байх вий. Үнэт зүйлтэй нь дүрвэсэн улсад үнэ цэнэгүй л үлддэг. Тэр нь үнэндээ эзэнгүй болсон гэсэн үг л дээ.

Хөдөлмөрийн мөлжлөг ийм л аюултай.

Ц.Лувсандорж
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

No comments:

Post a Comment