Monday, October 8, 2018

Ерөнхий соёлын хувьсгал хэрэгтэй

Ерөнхий соёлын хувьсгал хэрэгтэй

"Монгол хүүхнүүд усанд ордоггүй байж үнэтэй хувцас өмсөөд, үнэртэй ус цацаад, нүүрэндээ будаг шаваад байдаг. Тогтмол усанд ороод байвал гангалж мөнгөө үрэх шаардлагагүй ш дээ" (С.Молор-эрдэнэ", эх үүсвэр: Анхбаяр Оюунжаргал, фейсбүүк цахим хуудас, 2018)

Энэ хүн үүнийг хэлсэн, бас эс хэлсэн ч бай үүнд эмзэглэх хэрэггүй юм, бид. Хүн амын нилээд хувь (80) нь гэр хороололд амь зууж байна. Энэ тоо юм.

Тэнд мөн тээр цагт байсан нийтийн халуус усны газрууд лав л нэмэгдээгүй. Мэдээж хоригдсон. Энэ бас тоо мөн.

Дээр нь гудамжны бараг айл бүхэн модон жорлонтой, тэр нь үерээр хальж холилдоно. Энэ бас тоо юм.

Мөн бас гудамжны хийгээд байшингийн бараг л булан бүрт гунигийн дууны караока гэдэг архи ууж уйлдаг газар бий болсон тул архины үгшмэл үнэр түүнийг тээгчийнхээ хамт энд тэндгүй саа сайгүй явж байдаг болсон. Энэ бас тоо юм.

Энэ мэтээр эвгүй тоонуудыг энд дурдаад байж болно оо, чадна аа.

Эдгээр тооноос манай улсын хүн амын нилээд хувьд нь халуун усанд орох боломж тэр бүр байхгүй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр тэд эвгүй тэр үнэрийг тээгч бас болдог нь мөн л баригдаж байна.

Хүн худлаа хэлдэг. Харин тоо худлаа хэлдэггүй.

Өнөөх 30 жилийн энэ үеийнхний ихэнхи нь хөөрхий мөнгө мөнгө гэсээр гадаад үзэмжиндээ тун их анхаардаг авч дотоод гоё л доо ч, цэвэр ч байдалдаа ч тэр бүр анхаардаг эсэх нь их эргэлзээтэй байдаг юм.

Хотын төвөөс гэр хороолол дамнан өнгөрдөг нийтийн автобусанд нэг суугаад үз л дээ. Тэнд юу байдаг гээч. Хир, үмхий хоёр үнэртэж л байдаг юм.

Дээр нь нэмээд тэнд ямар ч хамаагүй хувцастайгаа нийтийн унаанд суугаад нийтийн дунд юу ч хамаагүйг чангаар чалчдаг шинэ цагийн ядуу ардын мунхаг соёл төлжиж байдаг юм. Ийм л юм. Худлаа гэвэл тэнд нэг суугаад мэдрээд үз л дээ.

Нийтийн автобусыг гоё сайхан болгох амархан. Харин түүгээр зорчигч тэр ардыг хир буртаггүй, эвгүй үнэр танаргүй, муу үг хэллэггүй болгоно гэдэг тун амаргүй.

Үүнийг ер нь ерөнхий боловсролын хувьсгалаар л хийнэ. Тэр нь ерөнхий соёлын хувьсгал гэсэн үг шүү дээ.

Өөр ойрхон зам үгүй.

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар сарын 9-ны өдөр

No comments:

Post a Comment