Friday, October 26, 2018

Багш нарт өөрт нь их буруу бий


Багш нарт өөрт нь их буруу бий

Нэг нь нэгдээд тэмцэх гэхээр нөгөө нь долдойддог. Ид ажиллаж байгаа нь ажлын хөлсөө нэмэгдүүлье гэж тэмцэхээр энгэрээ эрээнтүүлсэн ахмад нь болохоор "амьдрал мөн ч их сайхан байна аа, сайд аа" гээд сургалтын төвөө ажиллуулаад, медаль горьдоод л явж байдаг. Сайд нь болохоор " Та нарын голж байгаа үнэ цэнэгүй багшийн тэр ажлыг тань ажилгүйчүүдээр хийлгэчихнэ" гэдгийг харуулж хаа хамаагүй ажилгүйчүүдээр хурал хийлгэж сүрчигнүүлчихээд өөрөө болохоор хээв нэг "зах зээл дээр хангалттай багш нар ажилгүй байна" гээд муугаараа сайрхаж явдаг. Ингэж салбарын хөгжилд саад болж байх зууртаа тэр бас л хөөрхий хийрхлийн золиос болсон хөөрхий хөгшдийг хөөрөгдөж ордонд цуглуулж "сайн шавь" гэж тэр нь хэлэхээр сүрэг ахмад нь "сайн багшаас" гэж гурвантаа хашгируулна, хошгоруулна. Тэд ингэж хашгирч, хошгорч байх зууртаа амиа алдаж мэдэхээр ч харагдах.

Залуу багш гэх нь хөөрхий багш бэлтгэдэг 50 их сургуулиудын мөнгөхүүлэлтийн золиос болж явсаар учраа ч олоогүй, сурсан ч юмгүй байсан болохоор хэрчим талхны төлөө хөлсөө урсаж "цаас" гэж цаашаа харж гундан, "шалгалт" гэж нааш эргэж урвайн унтах ч завгүй хэсэгтээ шогждог юм. Эцэстээ тэд ажиллаж ядуурдаг, ядуурч ажилладаг энэ цагийн энэ золиос энэ ажлаа орхидог.

За яахав, дөнгүүр хэсэг нь боловсрол, улс, багш мэргэжлээ бодоод багш нартаа туслах, багш мэргэжлээ аврах, ер нь болохгүй болчихсон боловсролын өөд татахад туслах ганц хуулин арга хэрэгсэл болох багшийн үнэн ҮЭ-г санаачлаад байгуулаад өгөхөөр замаас нь том эрх ашгаас жижиг олз хайгч шүүрч аваад намчирхалын хэрэгсэл, намын хүүхэлдэй болгон өөрсдөө харин татварын мөнгөөр амар амь зуух гэж оролддог.

Ихэнхи багш нар одоо хичээлээ ч заахаа байсан. Тэд цаас бэлтгэнэ, шалгалтанд бэлдэнэ. Ер нь, тэд заах зүйлээ заах аргатай нь хамт мэддэг ч юм уу, мэдэрдэг ч юм уу, бүү мэд. Хүүхэд мэдлэгээ өөрөө бүтээнэ гэдгийг тэд харин гуйвуулж хийх зүйлээ гэрийн даалгавар, шалгалт хоёр л болгосон байх (Боловсролын алтан үеийн сүүлчийн ганц нэг багшийг энд үл тооцно).

Энэ бүхэнд хүүхэд, боловсрол хоёр л үнэн их хохирч байна. Багш нар яахав дээ. Болохгүй бол үнэ цэнэгүй болсон тэр ажилшуу зүйлээ орхиод л Солонгос явж харлан хар амиа бодон хар аргаар амьдарна. Ер нь тэгэж л байна. Энэ цагийн гурван үеийн энэ багш нарт ийм л их буруу бий. Тос дотроосоо өтдөг гэдэг.

Багш нар энэ байдлаараа бол энэ улсад өөрөөрөө өндийж нэг цагийн ажлын хөлсөө бодитой үнэлүүлж хэзээ ч чадахгүй. Тэд хөдөлмөрийн мөлжлөгөөс бүр ч салж чадахгүй. Багш нарын намчирхал, талцал, доройтол, дордолтыг арилгах нь манай улсын энэ их өтгөн манан замхарч алга болохтой л адил хэцүү, урт зам юм. ҮЭ -ийн үнэ цэнийг үнэн ухаарсанг нь тэднээс олж сонгох, бүтээж байгуулах нь бас л тэр мананг арилгахтай л адил цаг хүч зүтгэл зарах юм. Тэгэхээр хүүхэд, боловсролыг энэ манан, багш, боловсролын дампуурлын золиосоос салгах хамгийн хурдан ганц арга л одоо үлдсэн байна.

Энэ нь их хуралд одоогийн энэ байдлыг биеэрээ туулж уйлж, тууштай туулж яваа, хамгийн гол нь, ажилтай бодит багш нараас ядаж нэгийг их хуралд хүргэх явдал юм. Энэ бол амаргүй ээ!.

Яагаад гээч! Тийм багш одоогийн багш нарын армиас бараг олдохгүй.

Яагаад гээч! Тэдний сэтгэлгээ нь тэнд хүргэхгүй. Тэд их хуралд дандаа л мөнгөн хүн компаний захирлууд суудаг юм байна гээд бүүүүр итгэчихсэн явдаг юм.

Их хуралд очиход их мөнгө хэрэггүй, багш нар аа! Их хуралд хүрэхэд харин их бодлого л хэрэгтэй. Иймд их хуралд ойрын мөнгөн ашиг л нэгд байх нь үнэн зорилго болдог компаний захирал мөнгөн хүнээс илүүтэйгээр уг нь алс хэтийг алсаар нь хардаг, үнэнийг хайхыг эрхэм зүйл, үнэ цэнээ болгодог номон хүн багш нар л их зохино.

Тэгэхээр, багш нараа, өндийж босоод өөрийгөө нэг шинж. Давуу тэр талаа бодитой олж хар. Тэгээд их хуралд сэхээтэн, багшийн төлөөлөл болж очих нь энэ багш нарын дунд л бий гэж итгэ. Та ч байж болно. Тэр ч байж болно.

Их хуралд очиход их мөнгө хэрэггүй. Харин их боловсрол, их бодлого хэрэгтэй. Тэгэхээр тэр нь та л, тэр л, багш л, сэхээтэн л юм. Хар даа, энэ цагийн тэр Францыг.

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

No comments:

Post a Comment