Friday, July 5, 2019

Боловсролын яамнаас эцэг эхчүүд хариуцлага нэхээч

Боловсролын яамнаас эцэг эхчүүд хариуцлага нэхээч

Боловсрол дампуурсан гэхээр дампуураагүй гээд яамныхан довтлоод байх юм.

Гэвч дампуураагүй гэдгийн ганц болов үндэслэл ядаж хэл л дээ, Сайд аа, Дарга аа!.

Улсаараа муу сурч байна. Үүнийг төгсөлт, элсэлтийн олон жилийн шалгалтын дүн тань тод хэлээд өгч байна. Хар аа биз дээ. Үгүйсгэж чадахгүй биз дээ!.

3 сая гаруй хүнтэй улсад 96 их сургуулиар онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд бэлтгэж байна. Үүнийг тань залуу насаа их сургуульд сурч байна гэж хий дэмий үрээд эцэстээ өрөнд унасан хөөрхий залуус урьдаас тань хэлээд гоморхон зогсож байна. Хар аа л биз дээ. Үүнийг бас үгүйсгэж чадахгүй биз дээ!

Үндсэн хуулийн адил тэгш байх, үл ялгаварлах, үл гадуурхах үзэл санааг улиндаа гишгэж боловсролын салбарыг гадаад, дотоодын мөнгө хүүлэгчийн мөнгө хүүлэх хэрэгсэл болгосонг тань наад "олон улсын" нэртэй олиггүй сургуулиуд бас хэлээд өгч байна.

Манай ЕБС-руу довтлоогүй улс гэж ер нь байна уу, хар даа! Монгол улсын иргэн бэлтгэх зориулалтай ерөнхий боловсролын салбарт гэхэд л Турк сургууль, Япон сургууль, Орос сургууль, Америк сургууль, Англи сургууль, Хятад сургууль, Солонгос сургууль....

Ингэтлээ бодлогоо алдсан ийм улс манайхаас өөр байдаг юм уу, энэ дэлхийд. Үүнийг үгүйсгэж чадахгүй л биз дээ!

Монголын дөнгүүр тархийг багаас нь эхлэн бакалавраар үргэлжлүүлэн гадаадад цөлөх, юүлэх хорин бодлогыг олон жил барьж үндэстнийг оюуны хоосролд хөтөлж ирснийг тань олон хүүхдийн "хэн ч биш" болсон, сүйрсэн амьдрал нь нотлоод өгч байна. Үүнийг үгүйсгэж чадах уу?

Энэ мэтээр боловсролын салбар дампуурсныг батлах үндэслэлийг цаас цаасаар, хуудас, хуудсаар дурьдаж болно.

Яагаад тэгш, хүртээмжтэй байдлын баталгааг хангах, нийгмийн давхаргын тэнцлийг хангах нийгмийн ганц чухал салбар, инстутиц монгол түмний өмч боловсролын салбарыг маань ийнхүү дампуурласныг наад Сайдаасаа Эцэг эхчүүд одоо нэг чангаар асуугаад өгөөч!

Хэдхэн багш, хэдхээн судлаач хэлээд хэлээд ад үзэгдэж ад болж байна. Гэвч амьдралын талбар энэ салбарыг ингэж сүйтгэж байгааг тань бид хараад дуугүй тэвчиж сууж үл чадна. Тэмцэнэ ээ, хэлнэ ээ, бичнэ ээ!

Ер нь боловсролын дампуурлыг боловсролын яам л бий болгосон юм. Өөр хэн байхав дээ. Тэгэхээр боловсролын дампуурлыг боловсролын яамтай хатуу ярьж түүнд олон нийт зүгээс хариуцлагыг хатуу тооцох ёстой. Тэнд нөгөө авилга, хээл хахууль, лобби, садан төрөл, мөнгө угаалт, гадаадын өндөр үнэтэй зөвлөх үйлчилгээ, төсөл, мөнгө хийлэлт, нам, дов, за тэгээд, өнгөрсөн 30 жилийн нийгмийн өнөөх хар толбо тэнд бүгд л амилсан байдаг юм... Их юм бий дээ. Их л асуудал бий дээ, шударга хүнд бол, шударга ЕС-д бол.

Ирээдүйд чиглэсэн үнэн өөрчлөлт, шинэчлэл угтаа, боловсролын яамнаас эхэлдэг. Боловсролын салбарт л өрнөдөг. Ер нь ийм л байдаг. Одоо бид энэ жамыг дагах цаг нь болсон.

Сайдад нь захидлаар энэ бүхнийг дурьдан 10 гаруй хуудаст багтаан бичиж илгээхэд урьдаас манай боловсрол дампуураагүй, мөн ч сайн байна. Бүүр ч сайхан болгож байна аа, дуугүй бай гэсэн утгатай хариу өгдөг улс шүү дээ, тэд.

Боловсролын дампуурлыг боловсролын яамтай л хатуухан ярьж эцэслэх цаг болсон шүү. Эцэг эхчүүдээ, олон нийт ээ!. Тэнд дампуурал бий. Тэр нь бүүр угшилтай, үхжилтэй, учигтай болсон.

"Нүцгэн байгаа хаан аа нүцгэн байгааг үнэнээсээ ялгаж харж чаддаггүй болтлоо харалган болсон тэдэнд нийтээр нь нэг эгшинд хариуцлага тооцож, хуу хальж сольж байж л боловсролоо бид аварч боловсролыг дампуурлаас салгана. Өөр зам бидэнд одоо байхгүй. 30 жил өөр зам хайх, хэлэх, зөвлөхөд бол их хугацаа шүү... Тэд өөрөөр ерөөсөө өөрчлөгдөхгүй.

Боловсролын яамнаас боловсролыг салбарыг дампууруулсны хариуцлагыг хатуу нэхэх нь эцэстээ хүүхдийнхээ төлөө, улсынхаа төлөө хийж байгаа хамгийн утгатай, хамгийн үнэн, хамгийн улс төржөөгүй тэмцэл мөн.

Эцэг эх, олон нийт үүнийг анхааралдаа авах цаг аль хэдийн болсоон!

Анхаарах хэрэгтэй, эсвэл хүүхдээрээ, ирээдүйгээрээ, монголоороо тэднээр тоглуулсаар л, доройтуулсаар л, дордуулсаар, дампууруулсаар л байлгана. Тэгээд эцэстээ мэдээж, яахав, монголоороо л сөхөрнө. Боловсролын дампуурал ийм аюултай байдаг.

Боловсролын салбарын үйлчилгээ бүр айл бүрт өдөр бүр хүрч байдаг, хүн бүр, хүүхэд бүрийн амьдралд сайнаар ч, муугаар ч шууд хүчтэй нөлөөлж байдаг.

Таны хүүхэд яахаараа энэ багаас гадаадад сурах, эх орноосоо дүрвэх сэтгэлгээ, хандлага, төлөвшилтэй болчихов оо? Яагаад?

Яагаад гэвэл, боловсрол дампуурчихсан учраас тэр юм.

Үр хүүхэд тань эх орондоо сурч боловсорч, эх орондоо тэр эрдэм номоороо аятай сайхан амьдардаг байхын төлөө бид нийтээрээ, цугаараа, бүхлээрээ нэгдэн тэмцэж байж боловсролын салбараа дампуурлаас салгана. Түүний төлөө цул, нэг, бүхэл болж нэгд, тэмц.

Үүнийг л бүр март. Мартвал бүүдгэр, харанхуй л мөнхөд дагана.

Ц.Лувсандорж

2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

No comments:

Post a Comment