Sunday, June 30, 2019

"Art abuser"

"Art abuser"
Гэгээн урлагийг бараан ашиглагчид гэх ч юм уу даа.
Манайхан урлагийг яг л гудамжинд тамхи ширхэглэн зарж байгаатай яг л адилаар хэрэглэдэг болсон.
Тэнгэрлэг урлагийг буруугаар ашиглагчдыг манайхан од гээд л.
Бүр хар тамхитай холбогдсон нэгний хүртэл бүр магтан дуулж шүтдэг, гавьяатжуулдаг.
Нийтийн тээврийн автобусанд гадаад, дотоодын ижил хүйстэн элдэвтний тоглолт, клипийг санаатайгаар байнга явуулж буруугаар урлагийг хэрэглэгддэг, хүүхэд залуучуудыг бурууд ододжуулдаг.
Жинхэнэ урлаг бараан биш харин их гэгээн зүйл юм.
Манайхны урлагийн од гэгчид улс орондоо ямар хувь нэмрийг оруулдаг вэ?
Шорлон цэвэрлэгч хүртэл улсдаа ашиг олсны татвар төлдөг байтал урлагийг буруугаар ашиглагчид харин тэр татварыг төлдөг үү?
Бид тэнгэрлэг урлагийг буруугаар ашиглагчдаас салгаж жам ёсны замд нь оруулах ёстой юм. Жинхэнэ урлаг бараан нийгмийг гэгээн болгож байдаг. Түүний үүрэг уг нь энэ юм.
Урлагийн салбар манай яг л боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд шиг л нэг л бодлогоор салбайлгасан салбар болсон юм байна лаа даа.
Гэгээн урлагийн бараан ашиглагчдын савраас салгаж, тэнгэрлэг байлга. Үүний төлөө төрөөс төв, зөв бодлого явуул.
Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Saturday, June 29, 2019

ХОЁР “ХААНТАЙ” НЭГ УЛС ХӨГЖДӨГГҮЙ


ХОЁР “ХААНТАЙ” НЭГ УЛС ХӨГЖДӨГГҮЙ

Хаан бол харц ардаас өөр. Тэр харц ардаас дээр заяатай. Тэнгэр заяатай.  Тийм учраас Хаан л харц ардыг удирдана. Хааны цусан удам ч хамаг ардаас дээр заяатай тул тэд ардыг  удирдах, улсыг хөтлөх тэнгэрээс томилогдсон дан ганц эрхтэн дархантан юм. Ингэж  бүүр итгэчихсэн, “нүцгэн байгаа Хаанаа хараад нүцгэн биш, бүр ямар сайхан, ганган хээнцэр хувцастай байна аа” гэж бүр үнэнээс харалган хардаг явсан хөөрхий хүн төрөлхтөнд үнэн гэдэг тэр үед хааны үг, хааны зарлиг л байв. Тэр цагийн хар массад хааны зарлигаас өөр үнэн үнэндээ байсангүй.  
Бас  Хаанаа хамаг уурандаа цааш нь харуулчихаад,  хаашаа, яахаа мэдэхээ байчихсан хачин  зурвас үе ч хүн төрөлхтөнд  мөн л байв. Эргэж Хаанаа хаана байна вэ гэж эрэвч  өөрсдөө цааш нь харуулчихсан тул Хаанаа хаанаас ч олох вэ дээ, тэд.

Хүн төрөлхтөн ингэж мунгинаж байх тэр цагт нэгэн хүн ингэж хэлэв. Учирлагдах бүхэн үнэн (P. Декарт,1596–1650). Энэ үг зөвхөн хааны зарлигийг л үнэн гэж явсан хар массад хачин эхлээд санагдав. Эргэлдүүлэх тусам тэд харин ухаарал олж, түүнээс эрч авч, эцэстээ хар масс цагаан болж хувиран бүр хувьсгал хийж, түүгээрээ өөрсдөө өөртөө засаглах, хаангүй засаглах зам мөрөө олж авав. 
Харалган байснаасаа болж Хаанаа цааш нь харуулчихаад хаашаа, яахаа мэдэхгүй халаглаж явсан хар масс тээр нэгний тэгэж ухаарсныг ихэд ухаж ухаарсны дүнд хаангүй засаглах арга эвээ олж мэдснээс хойш хаангүй засаглахад хачин ихээр дурлан ихэд суралцаж эхлэв. 
Хаангүй засаглахад хаангүй ч бас “хаан” байх ёстой аж.  Хаан шиг эрх мэдэлтэй  тэр “хаан биш” хаан эсвэл бүх ард түмнээс ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч, эсвэл яг ийм сонгуулиар бүрдсэн их хурал байдаг аж.  
Энэ дэлхийн ихэнх улсад нэг л  “хаан биш” хаантай байдаг. Нэг хэсэгт нь   ерөнхийлөгч нь “хаан биш” хаан нь байна.  Ерөнхийлөгч нь хаан шиг  байх ийм улсуудын ихэнхи Хаанаа хаана байгаагаа мэдэхээ байтлаа хаангүй хачин ихээр явсан улс байх.  Их хурал нь хаан шиг байдаг улсад Хаана нь хаа нэгтэй  байдаг авч тэр нэр төдийхөн, билэг тэмдэгхэн  оршиж даруулгатай, даруухан байх. Үүнийг нь хаантай ардчилал гэж бас шуугих. 
Гэтэл манай энэ улс бүр  хоёр “хаан биш” хаантай болчихоод бүүр удаж байна. Нэг хаан  нь бүх ард түмнээс ардчилсан сонгуулиар бүтээгдсэн их хурал бол нөгөө нь мөн л яг адил нэг ард түмнээс ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч байх. Энэ цагт хоёр “хаан биш” хаантай байна аа гэдэг эрт цагт бол хоёр хаантай нэг улс гэсэн үг л дээ.    
Ижил эрх мэдэлтэй хоёр хаан нэг улсад ингэж бий болоход тэд хэн нь хүчтэйгээ үзүүлэх  гээд л. Үзэлцэх гээд л...  Хэн нь жинхэнэ “хаан биш” хаан нь юм гээд л...  Хоёр толгойтой хорт могой лугаа дүр авир үзүүлээд л ...
Хоёр толгойтой могойн бие холддоггүй. Хоёр хаантай нэг улс хөгждөггүй. 

Манай улс тэгэхээр хөгжье, холдье гэвэл хаан биш хоёр "хаан аа" хаан шиг нэг болгоё. Нэг хаантай улс бүү хэл нэг толгойтой могой л хол явдаг.



Ц. Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Thursday, June 27, 2019

Архины тэнэгжилт

Архины тэнэгжилт

Манай иргэд улам тэнэгжээд байгааг өдөр бүр олон тохиолдлоор харж болно. Эрүүл биш биетэйгээс гадна саруул биш ухаан, тунгалаг сэтгэлтэй хүн энэ улсад хуруу дарам цөөрөөд байна. Үүнийг энэ улсын хаанаас ч шууд олж болно.Улаанбаатараас бол шууд зааж болно.
Архины тэнэгжилт бодитой болсон нь хотоор явахад ажиглагдана. Автобусанд суухад үзэгдэнэ. Их хурлын хуралдааны хэдхээн мөчид шууд илэрнэ.

Ингэж явахад харин эрүүл, саруул, гэгээн харагдаж байгаа нь хэд байна даа, ер нь. Тоолоод бичээд үзээч.

Энэ асуултыг өдөржин тэдэнтэй харьцаж холилдож явдаг нийтийн автобусны жолоочоос асуугаад нэг үз.Зорчигч манай иргэд маань хэр тэнэгэрч байгаа вэ гэсэн асуултыг л асууна гэсэн үг шүү дээ.

Хөөрхий жолоочид хотоороо тэнэгэрчихсэн юм шиг энэ тэнэгүүдийн авир,төрхийг ёстой хүүрнээд өгнө биз.

Ажилгүйдэл, ядуурал, архидал, тэнэглэл, түүнээс үүдсэн иргэдийн архины тэнэгжилт бол манай улс, нийгмийн аймшигт аюул, сүйрэл, мөхлийн мөн чанар мөн.

Монголоороо тэнэгжих энэ бодит үзэгдэл эцэстээ бүх баялагыг нь хулгайлж авчихаад оронд нь боловсролыг нь мөнгө хүүлэх хэрэгсэл болгон, эрүүл мэндийн салбарыг сүйтгэн, харин архидуулах аяныг 30 жилийн турш идэвхитэй бодлоготой өрнүүлж үр дүнд архины үйлдвэрийг гаргуун хөгжүүлж айл бүхэнд түүнийг хоол мэт хүргэсний л горь юм. Төрмөл архичин, архины төрмөл тэнэг хүртэл сүрэглэж байна, цаана чинь. 1990 оны эхийг нэг сана даа. Монгол нутаг хавтгай архидаж эхэлж байсан биз дээ. Тэр архины тэр хавтгайралт одоо 30 жил болсон байна. Тэгэхээр архины тэнэгжилт бодит бололгүй яахав дээ. Тийм ээ!

Энэ аюулаас эрүүл мэнд, боловсролын салбарыг онцгойлон үзэж хөгжүүлснээр ангижирна. Энэ нь угтаа саруул ухаанаар архижсан аймшигт байдлаас үндэстнээ салгана гэсэн үг. Эсвэл монгол улс зүгээр л тэнэгүүдийнх гэх улс болж одох замдаа эргэлт буцалтгүй орох юм. Ингэх зууртаа бас яахав, Азийн Анхны Архины Тэнэгүүдийн Улс гэж алдаржиж мэдэх л юм.

Тэгэхээр эрүүл мэнд, боловсрол хоёрыг онцгойлж хөгжүүлж байж энэ сүйрлээс бид сална. Ахиад хэлье.

Энэ хоёр нь уг нь төр засгийн үндсэн хийх ажил, үүрэг нь юм. Тэр энэ үүргээ энэ 30 жилд хийсэнгүй дээ. Хийгээгүйнх нь үр нь, яагаав, нөгөө л архины тэнэгжилт энэ улсад бодит болсон явдал.

Энэ үндсэн ажлаа одоо тэр архины эсрэг аян зарлаж ажлын төлөө үйлс өрнүүлж эхлээч. Эрүүл мэнд, боловсрол хоёрыг онцгойлж үзэж, монголоо саруулжуулж эхлээч.

Архины тэнэгжилтээс улс үндэстнээ салгах нь түүхэн том үйлс мөн. Энэ үйлсийг бүтээж чадвал түүний тань төлөө хойч үе болж үлдэх тунгалаг монголчууд хананд зургийг тань хүссэнээр тань бахархалтайгаар л үүрд өнгөж өлгөж үлдээнэ шүү дээ.

Архины тэнэгжилтээ гэж. Архины тэнэг ээ гэж...

Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Tuesday, June 25, 2019

Төрийн дөрвөн өндөрлөгийг гурав болгоё

Төрийн дөрвөн өндөрлөгийг гурав болгоё

Их хурал, ерөнхийлөгч, засгийн газар, шүүх засаглал. Энэ тань манарсан одоо цагийн манай төрийн дөрвөн өндөрлөг. Гэвч хаангүй улс буюу бүгд найрамдах улс хуулиар засаглах дүрмийг мөрдсөн төртэй, тэр нь дөрөв биш гурван өндөрлөг болох гурван тулгуур баганатай л байдаг юм. Тэр энэ: Их хурал, Засгийн газар, Шүүх.

Энэ гурван нь өөрийн өөр гэсэн үндсэн чиг үүрэгтэй, гэхдээ улсаа гэсэн нэгдмэл үзэл санаа, бодлого, үйл ажиллагаатай төрийн үндсэн гурван институц болж байдаг юм. Их хурал хууль тогтоож, засгийн газар нь хуулийн хүрээнд улс орноо өөд татах гэсэн ажил үүрэг гүйцэтгэх, шүүх нь хууль дүрмийг мөрдүүлж байх аж. Товчлон хэлбэл, хууль тогтоох, хуулиар ажиллах, хуулийг мөрдүүлэх гэсэн гурван үйлсээр улс орноо хөтлөхийг л хуулиар засаглах гэж байгаа юм.

Үндсэн хуулийн одоогийн нэмэлт өөрчлөлтөөр “хүн ялгаатай ч гэх шиг”, “байгалийн баялаг төрийн өмч ч гэх шиг”, “ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгоно ч гэх шиг”, ер нь яаж ч мэдэхээр л аяаглаж бид ч их л элдэвлэн их хөөрч, наадна гэж намирч байна даа. Гэтэл хаангүй улс атлаа хаантай улс юм шиг хачин гажиг байдлыг бий болгосон засаглалаа засаж төрийн түнжингүй дөрвөн өндөрлөгөө жам ёсны гуравт нь шилжүүлэх асуудлыг яагаад үүгээрээ хөндөхгүй байна аа! Хамгийн гол асуудал энэ биш үү! Хамгийн гол нь энэ биш үү!

Эрх мэдэлтэнд таалагдах гэсэн хайрцган сэтгэлгээнээс нэг ч удаа болов гарч хайрцаган бус сэтгэлгээгээр хараад нэг үз л дээ. Математикаар шинжээд нэг хар л даа.

Наад төрд тань дөрвөн өндөрлөг бий болчихоод байна. Тэр дөрвөн нь учраа олохгүй, байраа мэдэхгүй, хийх ажлаа ялгахгүй хий дэмий л хөгжлийг чөдөрлөчихөөд бүр 30 жил болж байна.

Манай төрийн ийм дөрвөн өндөрлөгийг иймд гурав болгож цөөлье. Ингэж байж л засаглал нь хөгжлийн чөдөр биш харин хөгжлийн хөтөч болох юм.

Тэр дөрвийг цөөлж гурав болгохдоо хулгайлах, хуулбарлах, хувилбарлах бус харин өөрийн орны өвөрмөц онцлогийг харж анхны нөхцлөө тооцоод ийм л болговол яасийм дээ!

-Их хурал, Засгийн газар, Шүүх нь төрийн үндсэн гурван институц байх.
-Их хурлаас ерөнхийлөгчийг нэр дэвшүүлж олонхийг саналаар томилдог байх.
-Ерөнхийлөгч гүйцэтгэл засаглал болох засгийн газрын тэргүүн байна.
-Ерөнхийлөгч засгийн газраа бүрдүүлнэ. Төрийг тэргүүлнэ. Засгийн газар ерөнхий сайдтай байж болно.
-Ерөнхийлөгч их ард түмний бага төлөөлөл болсон зөвхөн их хуралд л ажлаа тайлагнана.

Ийнхүү шийдснээр бид “Их хурал” гэсэн хаантай, “Засгийн газар” гэсэн ерөнхийлөгчтэй, зөвхөн "хаандаа" тайлагнадаг хараат бус Шүүхтэй улс болох юм.

Ингэхэд ерөөсөө дийлдэж өгдөггүй нөгөө авилга хээл хахуулийн сүлжээ, сүйтгэл, за тэгээд, их ард түмний хоёр төлөөллийн хоорондын дуусашгүй зөрчилдөөн гэх зэрэг нөгөө бидний гэрч болсоор ирсэн зохисгүй бүх зүйл гэв гэнэт хумхийн тоос лугаа алга болох юм. Зөвийн хүч энэ юм. Бас ерөнхийлөгчийн сонгууль гэгч үгүй болсон нь эдийн засгийн маш их ач тустай байх юм.

Нэгэнт Хаанаа хаана байгаагаа мэдэхээ байтлаа мартаж дордсноос хойш бид тэр хааныг олох гэж, орлуулах гэж, төрөө хүртэл дөрвөн өндөрлөгтэй болтол нь мунхагнах нь ерөөс огт хэрэггүй зүйл юм. Ер нь тэнэглэл мөн. Харин “Их хурал” гэсэн хийсвэр хааныг бий болгож түүндээ л захирагдаж явах нь жам мэт зам нь мөн.

Эх хуулийн энэ өөрчлөлтөөр “ нэг хэсэг нь эзэн байх гэж, нөгөө хэсэг нь боол болох гэж төрдөг ч гэх шиг, ялгаатай гэх шиг”, “нэг хэсэг нь Лордын танхим насаараа налайж, нөгөө хэсэг нь борчуудын танхим борлож байх ёстой”, “Хаан биш атлаа хаан юм шиг байдаг ерөнхийлөгчийг бүр 6 жилээр нэг удаа сонгоно“ ; “3аяагдмал байгалийн баялаг олон түмний биш харин түүний өмч, бүтээл болсон төрийн өмч мөн” гэх зэргээр хол явахгүй зүйлээр хий дэмий их элдэвлэн хөөрч байхын оронд хоорондоо түнжин муутай, хий ажлаа ялгаж харж чаддаггүй, хэрүүл ихтэй, хөгжлийн хөтөч биш хөгжлийн чөдөр болсон төрийн тэр дөрвөн өндөрлөгийг цөөлж жам ёсны замд нь оруулж гурав болгох асуудлаа л үүгээр нэг мөр зөв, төв шийдвэл ер нь яасийм. Бурууг засаж байж зөв, төв замдаа ордог.

Төрийн нөгөө дөрвөн өндөрлөгийг хөгжлийн эх чөдөр хэвээр байлгах уу эсвэл цөөлж гурав болгон харин хөгжлийн их хөтөч болгох уу?

Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр