Бодлогын гунигт гурван алдаа
Бодлого санаатай хийж буй үйлдэл юм. Үүгээрээ санаандгүй эсвэл аяараа явагдаж буй үйлээс тэр ялгагдана. Иймд бодлогын алдаа гэдэг санаандгүй алдаа биш юм. Харин бүр санаатай хийж буй үйл мөн.
Боловсролын нийгмийн гол үүрэг нь нийгмийн анги, бүлэг, давхаргаажилтын ялгааг багасгах, хүн бүрт өсөх боломж олгох, нийгмийг тэнцүүлэх, тэнцвэржүүлэхэд оршино. Үүгээрээ боловсрол аль ч нийгэмд тэргүүлэх салбар байдаг.
"Ард болгож ард үлдээнэ" гэж орилолдож, "шударга байцгаая" гэж хийрхэлдэн "ардын", "ардчилсан" гэх зэргээр ард болгохыг булаалцалдсан өнөөх 27 жилд тэргүүлэх энэ салбарт тэнэг гэмээр, гэхдээ үнэндээ "тэнэг биш" маш их бодож хийсэн бодлогын олон, бидэнд буруу тэдэнд харин санаанд хүрсэн "зөв", гунигт үйлдэл хийгдэв. Энд гунигийнх нь эрэмбээр гурвыг нь дурдана.
Эхний гуниг нь энэ. Боловсролын тэнцвэржүүлэх үүргийг алдагдуулах санаатай бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн. Үүний дүнд шилдэг сайн боловсролын тогтолцоог шилмэл муу болгож авсан юм. Хэрэв боловсролын тогтолцоо нь шилдэг байвал хэний ч хүүхэд шилмэл боловсорч, шилдэг нь болж болно биз дээ. Малчны хүүхэд ч сумын сургуульд суралцах замаар шилдэг боловсролын тогтолцооны дүнд шилдэг нь болж нийгмийн оройн давхарга профессорын бүлд хүрч болно доо. Шилмэл муугаар нь бол энэ, харин, амаргүй. Малчны хүүхэд малчин л болно, эцэстээ. Баяны хүүхэд баян болно. Тэнцвэргүй байдал газар авна. Тэмцэл,зөрчил, гэмт хэрэг ихэснэ. Ангийн тэмцэл,эцэстээ, алийгаа алдана. Энэ бүхэн боловсролын тэнцвэржүүлэх үүргийг үгүй хийхээр холоос шидсэн чулууны том цохилт, их үр мөн.
Эрдэм ухааныг үнэгүйдүүлэх, үнэ цэнэгүй болгох. Энэ бол нөгөө гуниг нь юм. Үүний дүнд эрдэм ухаантай хэсэг нь их хөлс ургасах тусам их ядуу байна, өмчгүй болно, эрүүл бус болно, эрт одно. Энэ нь өмчийн нийгэмд элдэв аргаар өмчтэй болсон хэсэгт нийгмийн цээжинд байх ганц боломж нь юм. Их хуралд хэдэн багш, хэдэн судлаач, хэдэн эрдэмтэн байна даа. Хар даа. Харин хэдэн аварга, хэдэн дуучин, хэдэн наймаачин байна, тэнд. Энэ бол энэ гунигт бодлогын бодит хэмжээс, гор, үр мөн.
Гурав дахь гуниг нь бүр гунигтай ийм юм. Багшийг ядуу байлгах. Дүнд "хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч" нартад ганцхан нандин энэ эрхэм мэргэжлийг дурын дундаж тээх, эзэмших болдог. Үүнээс илүү гуниг гэж хаа байхав дээ. Дурын дундаж багш болчихоод "хүний амьдралын замыг гэрэлтүүлнэ" гээд зогсож байна гээд бод доо. Гэрэл биш харин харанхуй, бурангуй болгох биз. Багш мэргэжлийг ингэж доройтуулахад нийгэм эцэстээ их ядардаг. Үүнийг нөгөөдүүл бас сайн мэдэж байгаа юм. Тэгээд "багшийг өөд татах, багш мэргэжлийг өөд татахад боловсрол тэнцвэржүүлэх үүргээ гүйцэтгээд эхэлнэ" гэдгийг нөгөөдүүл бас л сайн мэдэж байгаа. "Багшийн цалинг нэмж, багшийг нийгмийн байх ёстой байранд хүргэхэд багш мэргэжлийг шилмэл нь эзэмшээд эхэлнэ" гэдгийг тэд мөн л сайн мэдэж байгаа. "Ингэхэд нийгэм хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн замд орчихно" гэдгийг тэд бас, мөн мэднэ. Мэдээж айж эмээж байгаа. Энэ бүр гунигтай.
Дүр эсгэсэн ардчиллын хийрхлийн хий үзэгдэл монголын нутгаар тэнүүлчилсэн, тэнүүчүүлсэн, манарсан өнөөх өнгөрсөн 27 жилд боловсролын тэнцвэржүүлэх үүргийг алдагдуулж, эрдэм ухааныг цэнэгүйдүүлж, багшийг ядууруулсан нь монголын зон олны хувьд их гунигтай бодлогын гурван алдаа байв. Гунигт гурван энэ алдаа нь, харин, тэдэнд бол боловсролд эзэн суух, нийгмийн цээжинд түр боловч залирч байх ховор мөч болж байна.
Гунигт энэ гурвын гор, гайг монгол л амсаж байна. Багш нар бол бүр их амсаж байна. Тэгэхээр энэ гор, гайн үрийг багш нар л таслахаар эхлээд босно.
Муу үрийг таслахад сайн үр дэлгэрнэ.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр